Мөнгөний бодлогод мөрөөдлөөр хандаж болохгүйг харууллаа
УИХ төрөөс баримтлах мөнгөний бодлогыг хэлэлцэж байна. Гэвч эхний хэлэлцүүлгээр таагүй, чихэнд чимэггүй олон мэдээлэл гарлаа.
Мөнгөний бодлого гэхээр инфляци, мөнгөний тэлэлт гээд болчихдоггүй. Ирэх жилийн төсөв, банкны салбарын тогтвортой байдал, Монгол Улсыг хөгжүүлэх үндсэн чиглэл гээд олон салбарыг хамарч улстөрчдийн толгойг ч нэг хэсэгтээ гашилгаж орхино. Энэ л үед парламентын гишүүдийн улс төр, эдийн засгийн мэдлэг, асуудалд хэрхэн ул суурьтай хандаж чаддаг эсэхийг харуулдаг юм. Тиймээс мөнгөний бодлогын үед ёстой л толгойтой хэд нь ам уралдуулан ярьж бусад нь чимээгүй сонсогч, дэмжигч байдаг гэхэд болно.
Ийнхүү төсөв батлагдах өдрийг хүртэл банк, санхүүгийн салбарынхан, Засгийн газрын гишүүд ээлж дараагаараа чуулганы танхимд дуудагдан байцаагдаж нүүрээ улалзуулах нь улалзуулж, нүдээ бүлтэгнүүлэн учирлах нь учирлаж ёстой л хүндхэн шалгуурын өмнө очно. Мэдээж эхний ээлжинд мөнгөний бодлого байгаа болохоор Монголбанкны ерөнхийлөгч албан тушаалтнуудынхаа хамт иржээ. Энэ өдрүүдэд түшээд хямрал гүнзгийрсэн, мөнгөний бодлого хэрэгжихгүй байгаа, банкны салбар тогтворгүй, иргэд өр зээлдээ баригдсан байдал нь Монголбанкны урагшгүй ажиллагаатай холбон хүндхэн асуултуудаар булж байв.
Харин Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж энэ бүгдэд хариулт өгөхдөө, Төрийн мөнгөний бодлого хэрэгжихгүй байгаа гэж байна. Харин ч инфляци хорь гаруй хувьд хүрч байсныг өнөөдөр наймд хүргэлээ. 1.1 тэрбум ам.долларын нөөцтэй болгож бид өөрчлөлт хийсэн. Өнөөдөр эдийн засаг эргээд тогтворжиж байгаа үзүүлэлтийг үүнтэй холбож тайлбарлах байна. Харин дэлхийн эдийн засаг агшиж байхад Монголынх дагаад агшихгүй байх бодлогыг бид барьж байгаа гэсэн нэлээн гөжүүд хариултыг өгч байлаа.
Ер нь жил бүр биелэгдэхгүй мөнгөний бодлого баталчихдаг. Дараа нь хэргийг нь Монголбанкны ерөнхийлөгч үүрээд гардаг тогтолцоо өнөөдрийг хүртэл үргэлжилсэн гэдэг хандлага гишүүдийн үгнээс ойлгогдож байв.
Мөнгөний бодлого ярьж эхлэхээр банкны салбарын тогтвортой байдал баталгаатай эсэх сөхөгддөг. Гэтэл яг энэ цаг үед манай улсын арилжааны хоёр ч банк нэгдэж, нэг нь дампуураад байдаг. Үүнээс болж иргэдийн банкинд итгэх итгэл буурах хандлага гарахгүй гэх баталгаа байхгүй. Албаны эх сурвалжийн мэдээллээр банкны салбарт эрсдэл байсаар байгаа. Тиймээс банкууд зээл олгохдоо хойрго хандаж байгаа нь эдийн засгийн эргэлтийг царцааж байдлыг улам хүндрүүлж байгаа гэх. Тиймээс Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөс арилжааны гурван ч банкинд мөнгө байршуулсан. Ингэснээр төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг нь нэмэгдүүлж байгаа юм байна. Гэхдээ энэ удаа Монголбанк өмнөх алдаагаа давтахгүйн тулд хатуухан хяналт тавих болж. Эндээс харахад Монголбанкнаас явуулж байгаа мөнгөний хатуухан бодлогын үр дүнд өнөөдөр хямралд сөгдчилгүй явж байгаа бололтой юм.
50 мянган төгрөг мөнгөний бодлогыг эргэж харахад хүргэж магадгүй
Монгол Улсын эдийн засаг хүндхэн үеэ арайхийж давж байна. Одоо эдийн засгаа дэмжсэн бодлого хэрэгжүүлэхгүй бол дахин сөхрөхгүй гэх баталгаа байхгүй гэдгийг Монгол¬банкны ерөнхийлөгч мэдэгдсэн. Гэтэл энэ үед Оюутолгойн гэрээ үзэглэгдэж урьдчилгаа мөнгө орж ирэх гэж байдаг. Үүний сургаар гишүүд амлалтаа биелүүлэх ямар арга байгааг судалсаар. 1.5 сая төгрөгийг ямар хэлбэрээр өгөх вэ гэдгийг хуулиар зохицуулахаар болсон. Мөн эхний ээлжинд 50 мянган төгрөг бэлнээр иргэдэд өгье гэсэн байр суурьтай байгаа. Харин Монголбанкны ерөнхийлөгч бэлэн мөнгө тараах нь буруу. 1.5 сая төгрөг өгвөл Монгол Улсын эдийн засаг дампуурна гэдгийг хатуухан мэдэгдсэн. Юутай ч ирэх жилийн хүн амын тооллогоор өгөх ярилцаж байгаа 50 мянган төгрөгийн асуудал 2010 оны төсвийн тооцоонд ороогүй.
Үнэхээр 50 мянган төгрөг өгөхөөр шийдэх юм бол мөнгөний бодлогоо эргэж харахаас өөр аргагүй гэдгийг хэлсэн юм. Энэ үг нь парламентад хамгийн олон суудал авсан МАХН, АН-ын амлаад байгаа нэг сая, 1.5 сая төгрөгийг өгөх чадвар Монгол Улсын эдийн засагт байхгүй гэдгийг хэлээд байна. Арга ч үгүй. Өнөөдөр банкны нийт актив 3.9 их наяд. 1.5 саяыг өгье гэвэл дөрвөн их наяд хэрэгтэй. Тиймээс улстөрчид улс орноо дампууруулсан шийдвэр гаргахгүй байх гэж найдаж байна хэмээн мэргэжилтнүүд хэлж, учирлаж суухав дээ.

