МХЕГ-ын дарга Ц.Шийрэвдамбын Улсын онцгой комиссын хуралдаанд хийсэн мэдээлэл
Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.
Энэ оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс Улсын онцгой комиссын “Гахайн томуугийн хүний өвчлөлийн халдвараас хамгаалах азрим арга хэмжээний тухай” 02 дугаар албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлыг холбогдох яам, агентлаг, мэргэжлийн байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгуулагын оролцоотойгоор өндөр хэмжээнд зохион байгуулсны үр дүнд дэлхийд тархсан аюултай халдварт томуу өвчнөөс харьцангуй удаан хугацаанд ард иргэдээ хамгаалж чадлаа.
Тухайлбал, өнгөрсөн хугацаанд МХЕГ улсын хилээр нэвтэрсэн 93602 тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийн, 448204 зорчигчид эрүүл мэндийн хяналт тавьж, тодорхойлолт бөглүүлэн, 488545 хүнд эрүүл мэндийн зөвлөгөө өгч ажиллалаа. Энэ хугацаанд хилээр нэвтэрсэн зорчигчдоос сэжигтэй тохиолдол 28 удаа илэрсэнтэй холбогдуулан халдвар эсэргүүцэх арга хэмжээ авч, 226 хүнийг ойрын хавьтлаар тодорхойлж, ХӨСҮТ, боомт байрлаж буй сумын эмнэлэгт шилжүүлсэн болно.
Улсын онцгой комиссын 2009 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “Томуугийн А хүрээний (H1N1) шинэ вирүсийн халдвараас хамгаалах зарим арга хэмжээний тухай” 03 дугаар албан даалгаврын биелэлтийн явцыг шалгаж, Улсын онцгой комисст танилцуулах, цаашид авах арга хэмжээний чиглэлийг тодорхойлох үүрэг бүхий Монгол Улсын Шадар Сайдын томилсон ажлын хэсгүүдээс 2009 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нийслэлийн 6 дүүрэгт хийсэн хяналт шалгалтын ажлын дүнг шалгалтын чиглэл тус бүрээр танилцуулж байна. Үүнд:
Нэг. Их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг болон соёл, урлагын байгууллагын талаар
Албан даалгаврын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд өнгөрсөн 2 хоногийн хугацаанд нийслэлийн их дээд болон ерөнхий боловсролын 201 сургууль, 110 цэцэрлэг, соёл урлагийн 40 газрыг хамруулан шалгасан бөгөөд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, ариутгал халдваргүйтгэлийн бодисыг зөв найруулж хэрэглэх, агааржуулалт, чийгтэй цэвэрлэгээг 2 цаг тутам хийх, хүүхдийн ирцийн байдалд онцгой анхаарч, ирээгүй хүүхдийн шалтгааныг заавал тодруулан ажиллах талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч ажилласан байна. Мөн СХД, ЧД, БГД, БЗД-ийн сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад томуугийн шинэ вирүсийн халдвар, түүнээс урьдчилан сэргийлэх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, зөвлөмж тарааж ажилласан байна.
Албан даалгаврын биелэлтийг шалгах ажлын хэсгүүд нийтдээ 143 боловсролын байгууллагад шалгалт хийхэд 33 байгууллага суралцагчдын эрүүл мэнд, биеийн байдалд хяналт тавьж байгаа бол 122 байгууллага сурагчдын ирцийн бүртгэл хөтөлж, 121 байгууллага ариутгал цэвэрлэгээ хийсэн байна. Харин 27 байгууллага нийтийг хамарсан арга хэмжээг хязгаарласан байна.
10 дугаар сарын 15-ны өдөр нийслэлийн сургууль, цэцэрлэгийн хүүхдийн ирцийн мэдээг авч нэгтгэхэд сургуулийн өмнөх насны буюу цэцэрлэг, яслийн насны 2012 хүүхэд өвчтэй, тасалсан 1606, чөлөөтэй 895, ерөнхий боловсролын сургуулийн 7752 хүүхэд өвчтэй, тасалсан 1689, чөлөөтэй 1713 хүүхэд байгаа нь урьд өдрийн ирцтэй харьцуулахад 4481-ээр нэмэгдсэн байна.
Эндээс харахад дүүргүүдийн боловсролын байгууллагууд албан даалгаврыг хэрэгжүүлэх чиглэлээр авах удирдлага, зохион байгуулалтын ажил эхлэлтийн байдалтай байна.
Хоёр. Худалдаа, үйлчилгээний газар, томоохон захын талаар
Хар хорин, Барс, Хөх бүрд, Дүүхээ, Хан бүргэдэй, Оргил, Дэнжийн 1000, Бөмбөгөр, Хүчит шонхор, Хэрлэн зэрэг 180 гаруй худалдааны төвүүдэд хяналт хийж, хүнсний бүтээгдэхүүн /гахайн мах махан бүтээгдэхүүн/-ий чанар аюулгүй байдлын баталгаажилт, хадгалалт, худалдаалалт, хэрэглээний байдалд хяналт хийж, худалдааны ажилтнуудад амны хаалт хэрэглүүлэх, эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэм баримтлах талаар зөвлөгөө зөвлөмж өгсний зэрэгцээ зарим тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. Тухайлбал, Хунт хайрхан ХХК-аар Хар хорин захын 281м2 талбайд халдваргүйжүүлэлт хийлгэж, зөөврийн гар угаалтуурыг Хар хорин захын 14 цайны газарт суурилуулж, томуугийн халдвараас сэргийлэх зөвлөмж тараан, захуудын радиогоор сэрэмжлүүлэг мэдээ явуулсан байна. Мөн шалгалтын явцад Дэлгэр интернэйшнл ХХК-ийн агуулахад хадгалагдаж байсан чанарын баталгаажилтгүй, хэрэглээний шаардлага хангахгүй 13 нэрийн 200 сая төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг лацдан саатуулсан байна.
Шалгалтын ажлын хэсгүүд нийтдээ худалдаа, үйлчилгээний 100 байгууллагад шалгалт хийсний 72 байгууллага хүнсний бүтээгдэхүүн тэжээлийн гарал, үүсэл, эрүүл ахуйн байдалд хяналт тавьж байгаа дүнтэй байна.
Гурав. Нийтийн тээврийн газрын талаар
Улсын онцгой комиссоос өгсөн үүргийн дагуу нийслэлийн Тээврийн газрын 17 байцаагч, 760 автобусны үйлчилгээний байдлыг шалган, 94 аж ахуйн нэгж, байгууллагын 1435 нийтийн тээврийн хэрэгсэл (автобус, троллейбус, такси)-д санамж бичиг байрлуулан 1200 жолооч, мөнгө хураагчийг амны хаалтаар хангаж, 450 автобусанд ариутгал хийлгэжээ.
Баянзүрх, Нисэх, 22, Яармагийн товчоогоор орж, гарч байгаа тээврийн хэрэгслийн жолооч, зорчигчдод 4299 зөвлөмж тарааж, сурталчилгаа хийсэн байна.
Албан даалгаврын хэрэгжилтийн байдлыг нийтийн зорчигч тээврийн 33 байгууллагад шалгахад 19 байгууллага ариутгал, халдваргүйтгэл хийж, санамж зөвлөмж байрлуулсан байжээ.
Дөрөв. Биеийн тамир спорт үзвэр үйлчилгээний газрын талаар
Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа соёл, урлагийн 40 байгууллага, интернет кафе, PC тоглоомын 123 газарт хяналт хийж, томуугийн халдвараас сэргийлэх чиглэлээр зөвлөмж тарааж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн байна.
Албан даалгаврын хэрэгжилтийг 10 байгууллагад шалгахад 7 байгууллага ариутгал халдваргүйтгэлийг хийсэн байна.
Тав. Нисэх буудал, төмөр замын болон авто вокзалын талаар
Иргэний нисэхийн ерөнхий газрын нисэх буудлын дотоодын нислэгийн байдалд хяналт хийхэд иргэд, зорчигчдод сэрэмжлүүлэг хийж, цэвэрлэгээ халдваргүйжүүлэлт хийж байсан байна. Гэвч албан даалгаврын биелэлтийг шалгах явцад халдваргүйтгэлийн бодисыг нөөцлөөгүй, орон нутгийн нислэгийн үед тавигдах эрүүл мэндийн судалгаа тандалт хийгдээгүй байна. Төмөр замын болон автотээврийн вокзалд халдварт өвчнөөс сэргийлэх санамж, зөвлөмжийг байрлуулсан байна.
Зургаа. Төрийн захиргааны байгууллагуудын талаар
СБД-ийн 9-р хорооны 32 аж ахуйн нэгж байгууллагууд, хэсгийн ахлагч нар, БЗД-ийн 24, БГД-ийн 20, ЧД-ийн 4, 10, 11, 12, 13, ХУД-ийн 1-14 дүгээр хороодын үйл ажиллагаанд хяналт хийж, томуугийн халдвараас сэргийлэх зөвлөмж тараан, ариутгал халдваргүйжүүлэлт хийх талаар зөвлөгөө өгч ажиллажээ.
Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс “Зөв сонголт- зохистой хэрэглээ” сэдэвт сургалтыг тус дүүргийн 7, 8, 9, 25-р хороодын 180 гаруй иргэнийг хамруулан зохион байгуулж, томуугийн халдвараас сэргийлэх чиглэлээр зөвлөгөө өгч, зөвлөмж тарааж ажилласан байна.
Албан даалгаврын биелэлтийг төр, захиргааны 16 байгууллагад шалгахад тэдгээр байгууллагууд санамж сэрэмжлүүлэг байрлуулах, ажлын байранд ариутгал цэвэрлэгээ хийх зэрэг арга хэмжээ авсан байна.
Долоо. Эмнэлгийн байгууллагуудын талаар
ХӨСҮТ, Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдан эмчлэгдэж байгаа иргэдийн эмчилгээний явц байдал, яаралтай тусламжийн эм тариа, хамгаалах хувцас хэрэглэл, халдваргүйжүүлэх бодисын нөөц, эмийн хангамж хүрэлцээ, халдвар хамгааллын дэглэмийн байдлыг шалгаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн байна.
Нийслэлийн бүх эрүүл мэндийн нэгдэл 24 цагаар хариуцлагатай жижүүр ажиллуулж, өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж байна. Эрүүл мэндийн нэгдэл, өрхийн эмнэлгүүдээс ирүүлсэн мэдээгээр томуугийн сэжигтэй 20 хүүхэд байгаа бөгөөд нийслэлийн хэмжээнд 438 хүүхэд томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн байна. Одоогийн байдлаар 28 эмийн сан 24 цагаар ажиллаж байна.
Албан даалгаврын хэрэгжилтийг эмнэлгийн 49 байгууллагад шалгахад өрхийн эмнэлгийн ажилтнуудыг уртасгасан цагаар ажиллуулах, утсаар зөвлөгөө өгөх тусгайлсан эмч ажиллуулах, угтан үйлчлэх эмч, эмнэлгийн ажилтнуудыг амны хаалтаар хангах зэрэг арга хэмжээ авч байгаагийн зэрэгцээ эмнэлгийн ажилтнуудад шинэ вирүсийн халдвараас урьдчилан сэргийлэх талаар сургалт семинар зохион байгуулсан байна. Мөн халдвар илэрсэн тохиолдолд урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зорилгоор өрхийн эмнэлэг, амбульториуд, эмнэлгүүдэд тахлын хамгаалах хувцас, хэрэгсэл, ариутгалын бодис бэлтгэсэн байна.
Найм. Онцгой байдал, гааль, хилийн албад, өрхийн болон хэсгийн эмч, ажилтнууд зэрэг өвчний голомтод ажиллагсдын ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн талаар
Албан даалгаврын хэрэгжилтийн байдлыг дүүргүүдэд шалгахад эмнэлэг, онцгой, мэргэжлийн хяналтын зэрэг байгууллагуудын албан хаагчдын ариутгал халдваргүйтгэлийн бодис, хамгаалах хувцас, хэрэглэлийн хүрэлцээ хангалтгүй байна.
Ес. Бусад асуудлын талаар
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд Буян ХХК-ийн өмнөх жалганд 120 гаруй машин буюу ойролцоогоор 480 тн барилгын хог хаягдал, 24-р хороонд Бумбатын аманд 100 гаруй машин буюу 450 тн малын өтөг бууц, Улаанчулуутын хог хаягдлын төвлөрсөн цэг байх үед үүсч, 4, 7, 24-р хороодын нутаг дах жалганд хуримтлагдсан 180 гаруй машин буюу 760 тн барилгын болон ахуйн хог хаягдал нийт 1700 гаруй тн хог хаягдлыг тус тус цэвэрлэх шаардлагатай байна.
Энэ оны 10 дугаар сарын 12-15-ны өдрүүдэд “Тохижилт үйлчилгээ” ХХК 147.5 тн, “Ёст хошуу” ХХК 72 тн, “Тээвэрлэлт үйлчилгээний төв” 254.0 тн нийт 473.5 тн хог хаягдлыг тус дүүргээс тээвэрлэж хог хаягдлын төвлөрсөн цэгт буулгасан байна.
Дүгнэлт
Энэ албан даалгаврын биелэлтийг хангах талаар холбогдох яам, агентлагууд хуулиар олгогдсон чиг үүргийнхээ дагуу бодитой арга хэмжээ авч хэрэгжүүлэн, бэлтгэл ажлыг үндсэндээ хангасан байна. Тухайлбал, үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан мэргэжлийн байгууллагуудыг бэлэн байдалд оруулах, тандалт судалгаа хийх, халдвар илэрсэн тохиолдолд эмчлэх, эмнэлгийн ажилтнуудыг сургалт семинарт хамруулан мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, их дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн оюутан, сурагчдын ирцийн бүртгэл, эрүүл мэнд, биеийн байдалд хяналт тавих зэрэг бодитой, өргөн цар хүрээтэй ажлыг зохион байгуулжээ.
Томуугийн шинэ вирусын өвчлөл анх гарсан Баянзүрх дүүрэг дэх эмнэлэг, сургууль, төрийн захиргааны байгууллагын ариутгал, цэвэрлэгээ, урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр зохион байгуулсан ажил, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийнхээ сургууль, цэцэрлэг бүрт 100.0 мянган төгрөг олгож, шаардлагатай бодис, уусмалыг авахуулж, ариутгал цэвэрлэгээг чанартай сайн эхлүүлсэн зэрэг ололттой тал байгаа ч дүүрэг бүрт албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын явц жигд бус байна.
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмжийн дагуу томуугийн шинэ вирусын өвчний халдвараас хамгаалах, урьдчилан сэргийлэх талаар иргэдэд хүргэх мэдээлэл, сурталчилгаа иргэн бүрт жигд хүрээгүй, голомтод ажиллагсдын хөдөлмөр хамгааллын хувцас, шаардлагатай багаж хэрэгсэл, эм тарианы хангамж зарим эмнэлгүүдэд хангалтгүй байна.
Цаашид авах арга хэмжээний чиглэл
1. Их дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн ажлын байрны ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг сайжруулах зорилгоор улсын хэмжээнд шаардлагатай бодисын нөөцийг тогтоож, бүрдүүлэх, шинжилгээнд хамруулан чанарыг тодорхойлж, уг ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх;
2. Оюутан сурагч, цэцэрлэг, яслийн хүүхдүүдийн эрүүл мэнд, биеийн байдалд тавих хяналтыг чангатгаж, 901–ээс дээш суралцагчтай сургуулиудад мэргэжлийн эмч заавал ажиллуулах журмын хэрэгжилтийг хангуулах;
3. Хурал, зөвлөгөөн, өдөрлөг, уулзалт, соёл урлагийн арга хэмжээ зэрэг нийтийг хамарсан үйл ажиллагааг тодорхой хугацаагаар хориглох;
4. Хүнсний ил задгай худалдааг хориглох;
5. Орчны ариун цэврийг сайжруулж, ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулах;
6. Нийтийн тээврийн хэрэгслийн ариутгалын ажлыг сайжруулж, нисэх буудал, төмөр зам, авто вокзалын зорчигчдын хөдөлгөөнийг хянах ажлыг зохион байгуулах;
7. Ухуулга сурталчилгаа, заавар, зөвлөмжийг оновчтой, ойлгомжтой арга хэлбэрээр бэлтгэн гаргаж, нийтэд түгээх хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх;
8. Мэргэжлийн байгууллагуудын гаргасан үнэн зөв мэдээллийг иргэдэд шуурхай тогтмол хүргэх ажлыг оновчтой арга хэлбэрээр явуулах;
9. Томуугийн А хүрээний (H1N1) шинэ вирусын тархалтаас сэргийлэх, халдвар авсан өвчтөнийг эмчлэхтэй холбоотой зардлыг 2010 оны төсөвт тусгах;
10. Чингэлтэй дүүрэгт нөхөн сонгууль болж байгаатай холбогдуулан сурталчилгааны болон санал авах байранд байнгын ариутгал, халдваргүйтгэл хийх;
11. Эм, амны хаалтын үнийн өсөлтийг тогтворжуулах арга хэмжээ авах;
12. ЭМЯ, БСШУЯ, ОБЕГ, МХЕГ зэрэг яам, мэргэжлийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог хангах арга хэмжээ авч, шуурхай үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөө гаргаж мөрдүүлэн, хамтарсан хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулах;
13. Онцгой байдал, хилийн албад, эмч, эмнэлгийн ажилтнууд болон улсын байцаагчдыг хамгаалах хэрэгсэл, шаардлагатай багажаар /термо камер, автомакс/ хангаж, илүү цагаар ажилласан ажилтнуудын нэмэгдэл цалингийн эх үүсвэрийг шийдвэрлэх.

