Орон сууц зээлээр авах сонирхол багатай байна
Хавар, зун, намрын турш зогсонги байсан барилгын салбарт нааштай өөрчлөлт гарсангүй. Эдийн засагчид намраас орон сууцны борлуулалт нэмэгдэхгүй хэвээр байна, үүнийг дагаад үнэ нь навс бууна хэмээн таамаглаж байсан. Дээрх таамаглалаас нэг нь биелээгүй байна.
Өөрөөр хэлбэл, орон сууцны үнэ хямдарсангүй. Компаниуд орон сууцны борлуулалтыг нэмэгдүүлэхийн тулд худалдан авагчдыг дэмжих төрөл бүрийн ажил хийж байна. Тухайлбал, компанийнхаа зээлд хамруулахаас гадна "Хаан", "Голомт", "Хас", "Зоос" зэрэг банктай хамтран орон сууцны зээл олгож байна. Гэхдээ зээлд хамрагдахын тулд төлбөрийн 50 хувийг хийсэн байх шаардлагатай.
Энэ нь барилгын компаниуд эргэлтийн хөрөнгөгүй болсонтой холбоотой аж. Нэг үгээр хэлбэл, яаж ийж байгаад барилгаа гүйцээхэд компаниудад бэлэн мөнгө шаардлагатай байна. Үүний тулд урьдчилгаа төлбөр авах зайлшгүй хэрэгтэй болж байгаа аж. Арилжааны банкууд барилгын компаниудтай хамтарч зээл олгож байгаа ч хүү нь дэндүү их гэх шүүмжлэлийг дагуулсан. Мөн нөхцөл нь хэт өндөр байгаа аж. Иргэн 2-10 жилийн хугацаатай зээлд хамрагдлаа гэхэд сард 1.6-1.8, заримдаа хоёр хүртэл хувийн хүү төлөх хэрэгтэй болно. Ихэнх хүн 10 жилийн хугацаатай зээлд хамрагдах боломжтой.
Тэгвэл энэ хугацаанд төлөх хүү нь тухайн орон сууцныхаа үнийг бүтэн нугалах хэмжээнд хүргэж байна. Нөгөөтэйгүүр, сард 500 мянган төгрөгөөс доош орлоготой хүнд байр зээлээр авна гэдэг бүтэшгүй зүйл. Учир нь банкнаас тогтмол, өндөр орлоготой байх гэсэн шалгуур тавьж байна. Гэтэл төрийн албан хаагчийн дундаж цалин 300, хувийн хэвшлийнх 200 гаруй мянган төгрөг байна. Иймд иргэдэд зээлд хамрагдаж байртай болох боломж ихээхэн хязгаарлагдмал байгаа юм. Зарим компани өөрөөсөө зээл олгож байв. Сарын нэг хувийн хүүтэй. Хугацаа нь тав хүртэл жил.
Гэхдээ ингэж зээл олгож байгаа компани цөөхөн байна. Түүнчлэн, компанийн зээлийн хүү нь бага байгаа ч нөхцөл нь өндөр байв. Шинэ орон сууцны үнэ хөдлөхгүй байна. Харин хуучин байрны үнэ уян хатан байгаа аж. Өөрөөр хэлбэл, зарим иргэн хуучин орон сууцныхаа үнийг зах зээлийн ханшаас 5-8 сая төгрөгөөр хямдруулах үзэгдэл цөөнгүй байв. Орон сууцны үнэ ямар байгааг сонирхуулъя. Зарим компани цонхыг нь халхалж барилга барьсан сууцны метр квадратыг 500 гаруй ам.доллараар тооцож борлуулж байна. Хэдийгээр цонхоороо нар харах боломжгүй ч худалдан авах сонирхолтой иргэн олон байгаа аж. Энд нэг зүйлийг сануулахад, Монгол Улсад бүх төлбөр тооцоог төгрөгөөр хийх учиртай. Харамсалтай нь барилгын компаниуд ихэнх материалаа импортоор авдаг гэх шалтгаанаар төлбөр тооцоог ам.доллараар хийх сонирхолтой байна.
Сүхбаатар дүүрэгт хамгийн хямд орон сууц метр квадрат нь 500 орчим ам.доллар байна. Хэдийгээр энэ нь сонсголонтой дуулдаж байгаа ч орон сууц нь нийслэлээс 10 гаруй км зайд алслагдсан аж. 100 айл орчимд баригдсан орон сууцны метр квадрат 690-750 ам.доллар байв. Хамгийн үнэтэй нь зургадугаар хороолол орчмын байр аж. Энд нэг метр квадрат нь 1000 ам.доллар хүрч байна. Ихэнх байр энэ жилдээ багтаж ашиглалтад орно гэсэн. Цөөн хэд нь ирэх оны намар гэхэд байр бэлэн болгохоо амлав.
Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байр хамгийн хямд буюу нэг метр квадрат нь 750 ам.доллар байна. Харин хамгийн үнэтэй нь 950 ам.доллар байв. Тус дүүрэг дэх нэг өрөө хуучин байр 33-36 сая, хоёр өрөө нь 46-50, гурван өрөө нь 54-60 сая төгрөг байгаа аж.
Хамгийн үнэтэй сууц Хан-Уул дүүрэгт сүндэрлэж байна. Метр квадрат нь 750-1200 хүртэл ам.доллар юм. Зайсан, "Оргил" рашаан сувиллын ойролцоо баригдсан сууц бусдыгаа бодвол үнэтэй байв. Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж буй сууцнуудын үнэ 700-800 ам.доллар хэлбэлзэж байна. Тус дүүргийн "Ханын материал"-ын ойролцоох нэг өрөө хуучин байр 28 сая төгрөг аж. Энэ нь нийслэлд дахь хамгийн хямд үнэтэй сууц юм. Иргэд орон сууцны үнэ өндөр, зээлээр авлаа ч нөхцөл нь хүнд хэмээн үзсээр байна. Харин барилгын компаниуд орон сууцны үнийг буулгах боломжгүй хэмээн гүрийсээр байгаа юм. Cap хүрэхгүй хугацааны дараа уг салбарын ажил зогсоно.
Санхүүжилт хийгдлээ ч өвөл барилгаа гүйцээх боломжгүй. Иймд компаниуд зөвхөн борлуулалт дээр л гол анхаарлаа төвлөрүүлнэ. Харин ирэх жил хүртэл уг салбарынхан орон сууцаа борлуулж банкны зээлээ дарах зэргээр голоо зогсооно гэдэг бүрхэг байна. Учир нь иргэд орон сууц худалдан авахад хэт өндөр үнэтэй хэмээн үзэж, хойш тавьсаар байгаа юм.
Г.Батзориг

