Т.Гандигийн бодлого хэрэгжүүлэгч “түрийвч нэгт” хуурай дүү
Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөр халамж үйлчилгээний төвийн дэд дарга Ц.Ганболд хийсэн хэргээ хүлээсээр “Ганц худаг"-т хоригдчихлоо. Энэ нь Авлигатай тэмцэх газар ажлаа хийж байгаа гэдгийг харуулах гэсэн туйлын зорилготой ажил. Гэхдээ бодлого тодорхойлогч болон шийдвэрлэгчийг нь бус гүйцэтгэгчийг барьчихдаг нь сонирхолтой.
Өмнө нь ч энэ хэргээр тус төвийн дэд дарга байсан Ж.Цогтбаатар шалгагдаж байхад Ц.Ганболдын нэр цохиж л явсан. Ингэхдээ ганцаараа биш Иргэний бүртгэлийн дэд дарга болон өмнө нь Монгол Улсаас БНХАУ-д суугч элчин сайд Н.Батсүхийн нэр ч байсныг тухайн үедээ хүмүүс ярьж л байв. Гэтэл зөвхөн Ц.Цогтбаатарыг шалгаж, шүүхээр хэргийг шийдүүлсэн. Гэхдээ цаад жинхэнэ эздийг нь шалгалгүй илээд өнгөрчихсөн тул хэрэг дахин сөхөгдсөөр л байгаа юм.
Гэхдээ өмнө нь гарсан албан тушаалын тэрхүү хэргийн гол эздийг халхавчлахын тулд нэр бүхий зарим улстөрч хувь нэмрээ оруулсан гэлцдэг.
Үүнд Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд Т.Ганди яах аргагүй холбоотой гэсэн. Учир нь Ц.Ганболдыг түүний хуурай дүү гэлцдэг болохоор эхний удаад хэргээс ямар нэгэн асуудалгүйгээр мултарчихаж л дээ. Харамсалтай нь "эгчийн" хайрыг дааж чадаагүйдээ ч тэр үү дахиад л энэ хэрэгтээ холбогдчихоод бүр үнэнээ хүлээчихлээ. Мэдээж уур, уурхайг нь илрүүлээгүй болохоор үл бүтэх ажил дахиад л хийгдэх нь жам. Ингэхдээ бүр ч олон хүнийг араасаа дагуулах болж байна. Эх сурвалжийн мэдээлснээр дээр дурьдсан Н.Батсүх ӨМӨЗО-ны иргэн Рэнцэнгээр дамжуулан энд байгаа Халамж үйлчилгээний төвийн даргатай албан тушаалын халтуур хийдэг байж. Халтуурын зорилго нь БНХАУ-аас манай улсад ажиллах хүч оруулах зөвшөөрөлтэй компанид манай улсад суух хууль бус виз гаргаж өгснийхөө шанд багагүй юм атгачихдаг болохоор муу зуршлаа хаяж чадахгүй өдийг хүрсэн ч гэх шиг. Бас нэг зүйл нь угаасаа үл бүтэх наймаанд оролцсоныг нь мэдсээр атлаа Хөдөлмөр халамж үйлчилгээний төвийн дэд даргаар хуурай дүүгээ томилчихож байгаа Т.Гандид учир бий гэнэ ээ.
Тэрбээр бодлогыг нь тодорхойлж, шийдвэрийг нь гарган гүйцэтгэгчээрээ дүүгээ томилчихсон болохоор түрийвч нэгтэн болчихсон гэж ярилцана. Ямартай ч хийсэн хэргийнх нь тухайд яривал тэд 2800 гаруй хууль бус виз гаргаж. Нэг бүрийг нь 200-250 юаниар бодож авсан ашгаа хувааж халааслаад, дээр нь дахиад гар хүндрүүлэгч авдаг гэхээр овоо юм болж байгаа биз. Одоо энэ бүхэн өнгөрч хуурай "эгчийн" дүү хоригдох хэмжээнд хүрчихсэн болохоор айсандаа хамгаа илчлээд хамсаатнуудаа араасаа чирч байгаа нь үнэн гэсэн. Бас ч үгүй нэг биш удаа өмөөрч, хамгаалж байсан эгчийгээ ч баллах сурагтай.
Б.Өлзийдэлгэр

