Ижлээ эрсэн шонхор эрлээ дуусгаж байж үхдэг
...Газарт төрж тэнгэрт ясаа тавьдаг жигүүртэн бол шонхор шувуу бөлгөө. Монгол оронд идлэг, шууман, хайргууна, начин, зээрд, турамтай зэрэг олон төрлийн шонхор байдаг гэнэ. Шонхор хоолоо олж идэхийн тулд ширүүн тэмцэл хийдэг бөгөөд тэр бүхнийг хурц сарвуу, хурдан хөдөлгөөн, эр зоригоороо шийддэг хуультай.
Цагаан шонхор шувуу монголын төрийг 350 гаруй жил барьсан хиад боржгин овгийн сүлд хийморийн туг байжээ. Энэ сүлд дэлхийн талыг эзэлсэн талын түймэр шиг монголын морьт цэргийн олон баатруудыг зоригжуулж явсан нь мэдээж. Тэрч байтугай саяхан Сүхбаатар аймагт археологийн малталт хийсэн эрдэмтэд 13 дугаар зууны үеийн язгууртны булшнаас олдсон мөнгөн бүс цагаан шонхорын дүрстэй байсан гэдэг.
Сүүлийн үед арабын орнуудын баячууд хэн олон шонхортой байна түүгээр нь нь бэл бинчинг нь тодорхойлж, зэрэг зиндаагаа тогтоодог, уралдаан тэмцээн зохиодог болсон нь шонхорын үнийг өсгөөд байна. Манай орон ч жил бүр Саудын Араб, Кувейтэд тодорхой тооны шонхорыг БАЖЯ-ны зөвшөөрлөөр гаргадаг болсоор удаж байна.
Монголчууд шонхор шувууг шүтэж ирсэн шигээ бас барьж сургаж ан ав ашиглаж ирсэн байдгийг түүх шашдарт хүртэл тэмдэглэн үлдээжээ.
Монголын нууц товчоонд :
Алун гуа ээжийг үгүй болсны хойно ах дүү тавуул адуу малаа хуваах болж Бодончар мунхагийг ядуу хэмээн ураг үл тооцож хувь эс өгөв. Бодончар гомдон урагт эс тооцсон тул энд би юу хийж сууна гээд гол дайрт, годил сүүлт орог шинхул морио унаж үхвэл үхье амьдарвал амьдаръя гэж Онон мөрөн рүү зорьж одов. Тэнд Балжийн арал гэдэг газар хүрч өвсөн эмбүүл гэр барьж суув.
Тэгж байтал хар хур шувууг бор харцага барьж идэхийг үзэж гол дайрт годил сүүлт орог морины хялгасаар урхи хийж бор харцагыг барьж авчрав. Бодончар, идэх юмгүйн тул чонын гууд хорьсон гөрөөсийг мярааж харван алж идэх буюу чонын идсэн сэгийг түүж гэдсээ хооллож харцагаа тэжээсэээр он гарав.
Хавар болж усны шувуу ирэх цагт харцагаа сойж тавиад галуу нугас олныг алж идэн үл барах тул
Мөчир бүрээс
Мөч гуя өлгөж
Хожуул бүрээс
Хоёр гурван шувуу өлгөсөн нь ялзрахад хүрчээ хэмээн бичсэн байдаг юм.
Шонхор зоригтой байдаг шигээ хайр сэтгэлдээ үнэн ч байдаг ажээ. Манай уяач адууныхаа ааш арншинг мэддэг шиг Арабын баячууд шонхор шувууны зан чанарыг сайн мэддэг гэнэ. Энэ ч аргагүй. Шонхор бол тэр орны үндэсний баярын хэрэглэгдэхүүн учраас хэдэн зуун жил шонхор шувуу гаршуулан сургаж, ан ав бариулж ирсэн уламжлалтай болов уу?
Шонхорын эм нь эрээсээ илүү зоригтой тул ангаа эхэлж эм нь довтолно. Ханхүү хүч хавсарна. Шонхор хамтаараа амьдрана. Насан туршдаа нэгэн эрийн төлөө эм нь, эр нь бас нэгэн үзэсгэлэнт бүсгүйн төлөө амьдрана.
Шонхорын наймаачид нэг шонхор бариад хоёр болгох аргынхаа талаар ам алдсан гэдэг. Нээрэн ч бодоод байхад хил хязгааргүй бүрэн эрхэт «паспорттай» монголын шонхорыг Кувейт, Эмират, Саудын араб орнууд руу нисгэх нь гар утасаар мессеж явуулахын дайтай байдаг бололтой. Эхлээд барьсан шонхороо задгай торонд хэд хонуулдахдаа бүргэдэд өмсгөдөг «томога» буюу нүдийг нь хаагч өмсгөхөд ямарч шонхор номхордог ажээ. Энэ үед ижил нь ойртон дуу чимээ хурц харцаараа нэгнээ олж алсаас харуулддаг бөгөөд шөнийн цагт ойртдог гэнэ. Маргааш байраа солж шилжихэд мөн ижил нь дагана. Ингэж дасгасаар нутгаадаа бараг монголын шонхорыг зохион байгуулалттай дагуулаад нисч байгаа юм биш үү?
Шонхорыг үгнээсээ гаргахгүй болтол сургаж байгаа юм чинь онгоцоо дагуулаад нисэх юу ч биш байж таарна. Юутай ч гэсэн монголоос аваачсан нэг бус шонхорын хос нь ижлээ олж харийн нутагт очсон гэдэг.
Ер хүн төрөлхтөний түүхэнд ханьсаг шувуудын нэгэндээ ямар хамаагүй үнээр очдог зан чанарыг ашиглан бактерлогийн зэвсэг зөөх, бичил өдөөгчтэй тэсрэх цэнэг зөөлгөн дайнд болон хорлон сүйтгэх ажиллагаанд ашиглаж байсныг санахад илүүдэхгүй. Мөн шонхорыг хосоороо амьдрах чанарыг 12-13 дугаар зууны үеийн нүүдэлчин аймгууд шуудангийн журмаар ашиглаж байсан баримт байдаг. Тэгээд ч шонхор тагтааг бодвол эрсдэл багатай хурдан шалмаг хурц нүдтэй нь цэргийн зарим дуран авайнд баригддаггүй ажээ.
Нэг сонин домог сонсож билээ. Монголын байлдан дагуулалтын үед ах дүү хоёр улс гүрэн захирч салах болжээ. Тэгэхэд эцэг нь өөрийнхөө тэжээсэн хоёр начин шонхорыг нэг нэгээр нь өгч:
- Чухал хэрэг гарвал шувуугаа нисгэн хэл авалцаж байгаарай гэжээ. Тэгтэл нэгнийх нь түшмэдүүд хуйвалдан амь насанд халдах гэж буйг мэджээ. Гэсэн ч морин өртөөнөөс өөр хурдан холбоо харилцаагүй тул яалтай билээ. Гэнэт эцгийнх нь өгсөн шонхор санаанд нь орж захидал бичиж явуулснаар аюулаас нэгнээ аварсан гэдэг. Энэ бол гашуун боловч үнэн түүх.
Лавтайяа мянган шахам жилийн түүхтэй монгол түмний оюуны гайхамшигт бүтээл «Нууц товчоонд» Бодончор мунхаг харцага шонхор сурган галуу, нугас бариулан хоолоо олж иддэж байсныг Буха хатаг ах нь Бодончар мунхаг дүүгээ танихгүй иргэнээс сураглахад нүдэнд харагдтал ийн хариулсан байдаг юм.
- «Тэр хүн чиний сурдагтай адил байна. Өдөр бүр тэр хүн манайд ирж исэг цэгээ ууж одно. Түүнд нэг харцага шонхор буй. Шөнө хаана хонодгийг мэдэхгүй. Баруунаас салхи салхилвал түүний шонхороор бариулсан нугас галууны өд сөд манай энүүгээр цас мэт бутарч хийснэ. Бодвол тэр гэр холгүй биз» хэмээн хэлсэн нь миний мэдэхийн монголчууд Арабчуудаас түрүүлж харцага шонхрыг анд хэрэглэж байсан жишээ юм.
Монголчууд харцага шонхроор хамгийн үнэнч хурдан гавшгай зүйлийг зүйрлэн магтдаг байсны жишээ бол Нууц товчооны «Татарыг сөнөөж Ван хааныг дарсан нь хэмээх» бүлэгт :
- Чингэс хаан эцэг тэнгэртээ мөргөе гэж довцог өндөр дээр гарч тохмоо дэлгэж бүсээ хүзүүндээ өлгөж зургаан сайдаа магтаж дуулахдаа Боорчийг:
- Хатгалдах дайсантай тулах цагт
Харцага шонхор мэт догширч
Нанчилдах дайсантай учирхад
Начин шонхор мэт довтолж
Итгэлт биеэ үл хайрлагч
Ивээлт нөхөр БООРЧИ минь хэмээн магтсаныг санахад илүүдэхгүй болов уу?
Шонхор шувуу түүхийн хувьд ийм байж? Харин шувуу судлалын хувьд ямар шувуу юм бол?
18 дугаар зууны далаад оны үед Төв азиар жуулчилсан оросын эрдэмтэн Н.М. Прижвальский 1876 онд «Шонхор бол монгол оронд элбэг байдаг махчин шувуу» гэж тэмдэглэжээ. Идлэг шонхорын шинжлэх ухааны нэр нь «Falco cherruq» гэж нэрлэдэг ажээ. Идлэг шонхор үржлийн үедээ манай оронд элбэг боловч Хөвсгөл Хэнтийн тайгаас олдоогүй байна.
Түүний хоол нь мэрэгч амьтад, жижиг шувууд байдаг учраас байгаль экологийн тэнцвэрт байдлыг тодорхойогч «АЙБОЛИТ ДОКТОР»-ын үүрэг гүйцэтгэдэг гэнэ.
2005 онд Дорноговь аймгийн өмнөд хилийн дагуу судалгааны ажлаар явж байхад нэг км-т 12 шонхор дайралдаж байсан бөгөөд Хатанбулаг сумын өмнө тал, хятад улстай хиллэдэг Гүн сухайт, Ханги,Уушиг, Хэцийн уулын хилийн сумангийн хооронд ганцхан км-т 26 шонхор дайралдаж байсныг БОЯ-ны хэлтсийн дарга доктор Авирмэд, Дорноговь аймгийн БОА-ны дарга Д.Сүрэн, жолооч Агваандорж нар тоолсон байдаг юм.
Шонхорын биеийн урт 40 см-55см хүрдэг бөгөөд эм нь эрээсээ арай биерхүү, жингийн хувьд 0,8кг-аас- 2 кг орчим байдаг жижгэвтэр шувуу юм. 3 дугаар сараас эхлэн хөөцөлдөж 6 дугаар сарын эхээр 3-5 ангаахай гаргана. Үр зулзгаа эр эм хоёул хамтран тэжээнэ.
Нэгэн сонирхолтой зүйл бол эрдэмтэд монголын идлэг шонхорыг хоёр төрөл байна гэж үздэг байжээ. Барааныг нь Алтайн, цайвардууг нь ердийн буюу говь талын гэж үзэж байтал 1914 онд оросын шувуу судлаач П.Шушкин Орог нуурын орчмоос, П.Тарасов 1944 онд хангайд Шар усны голын орчмоос идлэг шонхорын үүрэнд бараан цайвар хоёр ангаахай байгааг олсноос хойш ингэж ангилахаа больжээ.
Шонхорын эр нь 3 сая, эм нь 3,9 сая, дэгдээхэй нь 5,1 сая төгрөгний экологи эдийн засгийн үнэлгээтэй болсон нь хандгай бугынхаас өндөр болоод байгаа нь сонин юм. Шонхорыг анх Бодорчир сургаж нугас галуу бариулж байсан бол эдүүгээ цагт арабын ертөнцөд зөвхөн шонхор сургаж уралдуулж ан ав хийлгэдэг бүхэл бүтэн нийгмийн даврага буй болсон нь нууц биш юм. Тэд шонхорын уяа сойлгыг тааруулж уралдаан тэмцээнд оролцуулдаг, судалдаг, байр сав, сургалтын цогцолбортой, бай шагналын хувьд монголчуудын морин спортоос хурдтай хөгжиж байна.
Өндөр өвгөдийн минь оройн дээд туг сүлдэнд мөнхөрсөн , хурц түргэн, хуурнин шуугигч, хурдан шаламгай энэ шувуу, жижигхэн морьтой Чингэсийн баатрууд шигээ «арабын» ертөнцийг байлдан дугуулсны дараа ямархан хувь заяа хүлээж байгаа юм бол доо???
Б.Төмөрпүрэв

