Улс төр, Нийгэм 

Улсын үзлэгт амжилттай бэлтгэжээ

Саяхан улс орон даяар төрийн бай­гууллагын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөт­лөлтийн улсын үзлэг болсон.  Энэ үзлэгт Булган аймаг амжилттай үнэлгээ аваад байна.

Үзлэг угтан сум, байгууллагуудад олон хэлбэрийн ажил хийсний  заримыг  нийтэллээ.

Засаг даргын  нэрэмжит үзлэг

Гурванбулаг суманд үзлэг угтсан ажлыг эрчимжүүлэхээр авсан арга хэмжээний нэг нь салбар комиссын саналыг дэмжин сумын Засаг даргын нэрэмжит үзлэгийг 5 дугаар сард хийжээ. Нэрэмжит үзлэгт төр төсвийн 5 байгууллага, мөн төрийн албан хаагчдыг хамруулсан байна.

Сургууль,цэцэрлэг, соёлын төв, хүн эмнэлэгт баримт бичгийн шийдвэрлэлт, хөтлөх хэргийн нэрийн жагсаалт гаргаж мөрдөх, удирдлагын баримт бичгийн бүрдэлт болон стандарт, архивын нөхөн бүрдүүлэлт, данс бүртгэл хөтлөлт, баримтын тоо бүртгэл, баримт бичиг нягтлан шалгах комиссын ажиллагаанд ихээхэн дутагдал байсныг илрүүлэн арга хэмжээ авах үүрэг чиглэл өгчээ.

Архивтаа тооллого хийжээ

Баян-Агт сумын Засаг даргын тамгын газар архиваа хууль тогтоомжийн дагуу бүрдүүлж хадгалалт хамгаалалтыг сайжруулахад анхаарал  тавин ажиллаж байна.
Тамгын газрын баримт бичгийг  холбогдох албан тушаалтнуудаар эмхлүүлэн цэгцэлсний үндсэн дээр архивт хүлээн авч данс бүртгэл хөтөлжээ.  Үзлэг угтсан ажлыг зохион байгуу­лах комиссоос  Засаг даргын тамгын газрын архивт тооллого хийсэн байна. Энэ тооллогын дүнгээс үзвэл нийт 376  нэгж хадгалагдаж байгаагийн 50 нь байнгын, 326 нь түр хугацааны хадгаламжийн нэгж байжээ. Тооллогын дүнг үндэслэн архивын материалын хадгалалт хамгаалалтыг сайжруулах, баримт бичгийг цэгцлэн хайрцаглах, хадгаламжийн нэгжийн гарчгийг хавтас болон хайрцган дээр товч тодорхой бичиж ангилан төрөлжүүлэх, анхан шатны бүртгэлийг бүрэн хөтлөх арга хэмжээ авчээ.

Хадгаламжийн зориулалттай шүүгээ

Сум, байгууллагууд архивын материалыг бүрдүүлж эмхлэн цэгцлэх ажлыг журам зааврын дагуу хийхийн зэрэгцээ үүсгэсэн архивын нэгжүүдээ хадгалж хамгаалах нөхцөлийг сайжруулахад чиглэсэн арга хэмжээ  авчээ.

Тухайлбал, нэлээд сум, байгууллага архивын байр өрөө тасалгааг зохих түвшинд тохижуулан материал байрлуулах тавиур ванданг бөх бат үзэмжтэй хийж хаалт хөшигтэй болгосон байна. Дашинчилэн, Хутаг-Өндөр, Бугат зэрэг сум архивын байраа орчин үеийн зориулал­тын тавиур, нягтруулсан шүүгээ зэрэг тоног төхөөрөмжтэй болжээ.         

Ажлаа нарийвчлан төлөвлөжээ

Үзлэг угтаж албан хэрэг хөтлөлт, архивын ажлыг стандартын түвшинд хүргэх ажлыг нарийвчлан төлөвлөж хэрэгжилтийг зохион байгуулах талаар зарим сумын Засаг даргын тамгын газар нэлээд санаачилгатай ажиллаж байна. Баяннуур сумын Засаг даргын тамгын газрын салбар комисс энэ онд 3 хэсэгтэй 20 гаруй ажил төлөвлөжээ.

Энэ дагуугаа архив, албан хэрэг хөтлөлтийн талаар гарсан хууль, эрхийн акт, заавар журмыг жагсаалт гаргаж байгууллагуудад хүргүүлэн уншиж танилцан хэрэгжүүлэх арга хэмжээ авахуулж, сургалт явуулжээ Энэ нь байгууллагуудын захирал, эрхлэгч, албан хэрэг, архивын ажилтнуудад чухал дэмжлэг болсон байна.

Дотоод сүлжээг тогтмол ашигладаг

Сэлэнгэ сумын төр, төсвийн байгууллагууд албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхэд нэлээд анхаарал тавьж юуны өмнө албан  хэрэг хөтлөлтөд компьютер, принтер болон бусад мэдээллийн технологийг өргөн ашиглах орчин бүрдүүлж байна. 
Сумын Засаг даргын тамгын газрын ажилтнуудын компьютерийг дотоод сүлжээнд холбож байнга ашигладаг болжээ.

Дунд сургууль нь  интернэтэд холбогдсоны зэрэгцээ  өөрийн тусгайлсан вэб хуудастай болжээ. Албан хэрэг хөтлөлтөд ашиглаж байгаа мэдээллийн технологи, ялангуяа компьютерийн аюулгүй ажиллагааг хангах арга хэмжээ авч байна.

Иргэдэд архивын лавлагаа өгдөг журамтай Бугат сумын Засаг дарга удирдамж батлан байгууллагуудад нэрэмжит үзлэг явуулан шал­гаж туслах арга хэмжээ авч  тамгын газрын архивын ажлын талаар нэлээд ахиц гаргаж байна.  Юуны өмнө албан хаагчдаар архив, албан хэрэг хөтлөлтийн журам заавар, стандартыг сайтар мөрдүүлжээ. Архивын өрөө байрыг тохижуулж зохих шаардлагыг бүрэн хангасны дээр зориулалтын нягтруулсан 6 шүүгээ авч баримт бичиг, хадгаламжийн нэгжийн байршуулалтыг  эмх цэгцтэй болгож, хамгаалалтыг сайжруулсан байна. Сүүлийн 3 жилд төсөвт байгууллагуудаас 140 гаруй баримт бичиг, материалыг татан авч нөхөн бүрдүүлэлт хийж аймгийн архивт хадгаламжийн 90 нэгж материалыг тушаасан байна.

Хоёр сарын аян+бүтээлч ажлын 7 хоног

Могод суманд архив, албан хэрэг хөтлөлтийн ажил урьд оны сүүлчээр төдийлөн  хангалтгүй байсан бол энэ удаагийн урьдчилсан үзлэгээр сайн үнэлэгдэх боломжтой болсон байв.
Энэ нь тус сумын Засаг даргын тамгын газраас шуурхай арга хэмжээ авч эрчимтэй ажилласны үр дүн гэж үзэж болно.

ухайлбал, аймгийн Засаг даргын шийдвэрийн дагуу 2 сарын аяныг сайн явуулсны дээр тус сумын Засаг даргын тамгын газраас төлөвлөгөө гаргаж 7 хоногийн бүтээлч ажлыг төрөлжүүлэн зохион байгуулдаг болсон нь үр дүнгээ өгчээ.

Ж.Мөнх-Очир