Нийгэм 

Нэг цэгийн үйлчилгээг үзүүлэх хөдөлмөрийн төв биржийн шавыг тавилаа

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны харьяанд Хөдөлмөрийн төв бирж байгуулах тухай 2007 оны Засгийн газрын 194 тоот тогтоол гарсан билээ. Үүний дагуу уг биржийг Хан-Уул дүүрэгт, хуучнаар гутлын үйлдвэрийн хашаанд 4700 ам метр талбайд барихаар болсон байна. 2009 оны II улиралд ашиглалтад орох зургаан давхар энэ барилгын шавыг өчигдөр тавилаа.

Ёслолын үйл ажиллагааг нээж Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Д.Дэмбэрэл хэлсэн үгэндээ "Манай улс зах зээлийн харилцаанд шилжээд 20-иод жил болж байна. Энэ хугацаанд хөдөлмөр эрхлэлтийн асуудал байнга яригдсаар ирсэн. Ажилгүйдлийг багасгаж, тэрхүү дутагдлыг хангах хамгийн найдвартай арга бол хөдөлмөрийн бирж барих явдал юм. Тиймээс барилгыг хурдан сүндэрлүүлж өгөхийг гүйцэтгэгч компаниас хүсье" гэлээ. Мөн тэнд Дашчойлин хийдийн хуврагууд ирж, газар, ус, лус савдгийг аргадан ном айлдсан юм.

Азийн хөгжлийн банк, Нордлийн хөгжлийн сангаас санхүүжүүлж буй хөдөлмөрийн төв биржийн барилгын ажлыг "Пума констракшн" компани гүйцэтгэж байгаа аж. Энэхүү бирж байгуулагдсанаар хөдөлмөр эрхлэлттэй хобоотой бүх төрлийн үйлчилгээ нэг дор төвлөрөх юм байна. Тухайлбал, ажилгүй иргэдийг бүртгэх байнгын болон түр ажлын байрны захиалга авах, лавлагаа хийх, зуучлах зөвлөгөө өгөх гэнэ. Мөн ажиллах хүчний холбогдолтой мэдээ мэдээллийн санг бүрдүүлэх, сургалтад хамруулах, хөдөлмөрийн зах зээлийн төлөв байдлыг шинжлэн судалж, хэвлэл мэдээлэл, интернэт, вэб сайтаар нийтэд үйлчлэн сурталчлах зэрэг үйлчилгээг үзүүлэх боломж бүрдэх нь.

Нийслэлийн хөдөлмөрийн бирж нь 2007 оны зургадугаар сараас 1700 хүнийг зуучлан ажилтай болгожээ. Харин оны эцсийн байдлаар эдийн засгийн идэвхтэй хүн мянга гаруй байгаагаас хөдөлмөр эрхлээгүй хүн 261.4 мянга байгаа тооцоо гарсан байна. Тиймээс цаашид хөдөлмөрийн зах зээлийн цэгцтэй нэгдсэн бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй болгох зайлшгүй шаардлагатай гэж Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас үзэж буй юм. Үүнээс гадна үйлчилгээний шинэ төрөл хэлбэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй болжээ. Энэ нь ажиллах хүчний хангамж, эрэлт хэрэгцээ, тэдгээрийг ажил олгогчийн захиалгаар мэргэжил, эдийн засгийн салбараар нь ангилан тодорхойлох, албан бус салбарт хөдөлмөр эрхлэгчид, далд ажилгүйдлийн талаарх мэдээллийн баазыг бий болгох гэнэ. Тиймээс энэ бүгдийг нэг цэгт төвлөрүүлэх зорилгоор Хөдөлмөрийн биржийг байгуулахаар болсон юм байна.

М.Мөнхцэцэг