Орон сууцны зээл авахад өрхийн сарын орлого 600-800 мянган төгрөг байх ёстой
Орон сууцны санхүүжилтийн корпорацийг Засгийн газар одоогоос хоёр жилийн өмнө байгуулж “40 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг эхлүүлэхдээ урт хугацааны зээлийн орон сууцны метр квадратыг 350 ам.доллараар үнэлж байжээ. Өдгөө энэ тоо 450-500 ам.доллар болсон байна. Хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Нисэх орчимд барих 470 айлын 10 орон сууцыг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Эдгээр байрны нэг өрөө 28,3 метр квадрат, хоёр өрөө нь 40-өөд метр квадрат, гурван өрөө нь 67 метр квадрат. Барилгын гүйцэтгэлийг хийхээр “Эрхэст импекс”, “Хар чонот” гэсэн компани тендерт шалгарч ирэх сараас ажлаа эхлэхээр болсон аж. Уг барилгуудын ажил талдаа орсон тохиолдолд иргэдээс захиалга авч, зээлийн гэрээ байгуулах гэнэ. Орон сууцны санхүүжилтийн корпорациас нэг өрхөд 25 сая хүртэлх төгрөгийн зээлийг арилжааны банкнаас авах боломж олгох юм байна. Үүнд хамрагдахын тулд өрхийн орлого 600-800 мянган төгрөг байх ёстой гэнэ. Харин зээл авахдаа орон сууцны үнийн 25 хувийг урьдчилгаа болгон төлөх шаардлагатай гэнэ.
40 мянган айлын орон сууцны зээлийг нийслэл хотод “Голомт”, “Улаанбаатар”, “Капитал”, “Анод” зэрэг банкаар дамжуулах бол хөдөө орон нутагт “Хас”, “Монгол шуудан” банк олгох аж. “Капитал” банкны орон сууцны зээлийн нөхцөлийг сонирхлоо. 45 сая төгрөгийн үнэтэй байрыг худалдан авахдаа 25 сая төгрөгийг нь банкнаас зээлэх аж. Харин үүний төлбөр, хүү нийлээд сард 570 гаруй мянган төгрөгийг 10 жилийн турш төлөх нь.
Зах зээлийн хамгийн доод үнээр тооцоход ийм байгаа аж. Одоо зах зээлд худалдагдаж байгаа орон сууцыг дээрх зээлээр авах боломжтой ч өндөр үнэтэй учраас тухайн өрхийн сард төлөх хүү, төлбөр харьцангуй их байна. Урт хугацааны зээлээр байртай болох иргэн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад нэгээс доошгүй жил ажилласан байх ба тухайн өрх урьд нь орон сууц эзэмшээгүй байх ёстой аж. Эдгээр мэдээллийг иргэдэд дэлгэрэнгүй хүргэх зорилгоор “Капитал” банк өөрийн төв байрандаа үзэсгэлэн зохион байгуулж байгаа аж. Уг үзэсгэлэн өнөөдөр өндөрлөнө.
Я.Мөнгөнцэцэг

