Ерөнхийлөгч Үндэсний архивын шинэ цогцолбор барилгын шав тавих ёслолд оролцов
Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр шинээр баригдах Үндэсний архивын шинэ цогцолбор барилгын шав тавих ёслолд оролцож, хэлэхдээ “Дэлхийн түүхэнд гүнзгий ул мөрөө үлдээсэн төр, улсын баялаг түүхэн уламжлалтай монголчууд та бидний баримт бичгийн өв, сан яндашгүй арвин билээ. Монгол төр тийнхүү оршин тогтнож, монголчууд мандаж, буурч, бас сэргэн мандаж байсны, эдүгээ оршин тогтнож байгаагийн бүхий л гэрч баримтыг зөвхөн архивын сан хөмрөгөөс олж үзэж болно.
Монголын үе үеийн бичгийн мэргэд оюун билгээ чилээн байж бэхжүүлж, тэмдэглэж үлдээсэн бичиг соёлын асар их өв бидний үед уламжлагдсан ирж, их түүхийн гэрч болохоос гадна эх хэлээ цэвэр ариун байлгах, бичиг үсгээ хамгаалан хөгжүүлж хойч үедээ сурган өвлүүлэхэд үнэлж баршгүй ач холбогдлоо өгч байна.
Монгол улсын үндэсний архивын сан хөмрөгт монгол түмний үе үеийнхний эх орныхоо төлөө асгаруулсан цус, урсгасан хөлс, дуслуулсан нулимс, гуниг харуусал, бахархал ухаарал нэгэн тавиур дээр зэрэгцэн оршиж байна хэмээн хэлж болно.
Манай ухаант өвөг дээдэс, ахмад үе баялаг их түүхийнхээ хуудас бүрийг хураан цуглуулж өнөөгийн үндэсний архивын эх суурийг бат нут тавьж өгснийг үе үеийн түүхч, архивчид нүдний цөцгий, зүрхний тольт мэт нандигнан хамгаалж, арвижуулан баяжуулж хойч үедээ улбаалан хүргэхээр алжаал бэрхшээлийг умартан ажиллаж ирсэний үр дүнд түүх соёлынхоо талаар чамгүй өв сан бүрдүүлсэн нь нэн сайшаалтай. 2007 оны 12 дугаар сард Монгол улсад орчин цагийн архивын байгууллага байгуулагдсаны 80 жилийн ойн баярын хуралд илгээсэн мэндчилгээндээ би архивын салбарын нийгэмд эзлэх байр суурь, ач холбогдол, үе үеийн архивчдын алдар хүндтэй ажил үйлсийн талаар бахархан тэмдэглэсэн билээ.
Өмнөх он жилүүдэд манай улсын архивын салбар хөгжлийнхөө нэгэн үеийг амжилттай туулж, улс үндэснийхээ түүх соёлын өвийг хадгалан хамгаалах, арвижуулан баяжуулах, түгээн дэлгэрүүлэх, төрийн албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн төрийн бодлогын ихээхэн чухал хариуцлагыг хүлээсэн салбар болон төлөвшлөө.
Энэ салбарын үйл ажиллагааны найдвартай ажиллагааны нөхцлийг хангахад түүхэн баримтуудыг хадгалах, хамгаалах шаадлагыг бүрэн хангасан, тэдгээрийг олон нийтийн хүртээл болгох, үйлчилгээ үзүүлэхэд тохиромжтой зориулалтын байр нэн чухал юм. Энэ талаар төрөөс анхаарч тийм зориулалтын барилга барих асуудлыг шийдвэрлэлээ. Энэ бол түүх, соёлоо хамгаалах төрийн бодлогын нэг хэсэг юм.
Өнөөдөр бидний шавыг нь тавьж буй энэ газарт дэлхийн хөгжсөн орны жишигт хүрэхүйц орчин үеийн архивын барилгын стандарт шаардлагыг хангасан Үндэсний архивын шинэ барилгын цогцолбор сүндэрлэн босно. Энэ барилга баригдаж ашиглалтанд орсноор орчин үед мэдээллийг боловсруулах, түгээх, хадгалах, эрж хайх, архивлах бүх ажиллагаа, шинжлэх ухаан технологийн сүүлийн үеийн ололт дээр тулгуурлан явагдах таатай нөхцөл бүрдэнэ хэмээн төсөөлж байна.
Нэгэнт өдий хүртэл уламжлагдан ирсэн түүх соёлын үнэт зүйлсээ бид цаг хугацаа, байр орчны нөхцлөөс шалтгаалсан эрсдэлд удаан байлгаж болохгүй. Хэдийгээр хөрөнгө, хүч цаг хугацаа шаардагдах нь тодорхой боловч энэ барилгын ажлыг аль болох богино хугацаанд, зриулалтын дагуу чанартай хийж гүйцэтгэх ёстой.
Монголын төр, засаг архивын энэхүү шинэ цогцолбор барилгыг барих шийдвэр гаргаж, боломжийг олгосон нь зөвхөн архивын байгууллагын хөгжил дэвшлийн нөхцлийг хангаад зогсохгүй монголын түүх, соёлыг судлах ажил эрхэлдэг дотоод, гадаадын эрдэмтэн судлаачид, оюутан сурагчид, нийт монголчуудад туулж өнгөрүүлсэн түүхээ сэтгэл зүрхэндээ шингээж, ном бүтээлдээ буулган, бичиг соёлын өвтэйгээ танилцах, хайрлан хамгаалах, залуу үеийнхэнд үндэсний ухамсар бахархлыг төлөвшүүлэх ажилд оруулсан томоохон ухаалаг хөрөнгө оруулалт хэмээн хэлж болно” гэлээ.

