Нийгэм 

Хойд Солонгосоос таван мянган ажилчин авах бололтой

Манай улсад өнөөдөр албан бус тоогоор 30 гаруй мянган гадаад иргэн ажиллаж байгаа ажээ. Үүний тал нь хятад иргэд. Гэтэл барилгын салбарт гэхэд л хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэй ажилчдын албан ёсны тоо нь 4000 гэнэ.

Харин Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний төвд хууль ёсны зөвшөөрөл аваад төлбөрөө төлж буй 18 мянган хүн байгаа аж. Тэгэхээр үлдсэн хэсэг нь гурван сарын жуулчны визээр ирчихээд ажил эрхэлж байна гэсэн үг юм. Үүний дийлэнх хэсэг нь барилгын салбарт ажиллаж байна. Гадаадын иргэдийг ажиллуулж байгаа компаниуд нэг гадаад иргэний хөдөлмөр эрхэлсний хөлсөнд сард 180 мянган төгрөг төлдөг. Мөн дээрээс нь 250-300 ам.долларын цалин өгдөг гэнэ. Энэ хөдөлмөр эрхэлсний хөлснөөс зайлсхийснээс хууль бус ажилчдын тоо ихэсч үүнээс үүдсэн олон сөрөг үр дагавар бий болдог аж. Мөн барилгын салбарын хөгжлийг дагаад мэргэжлийн ур чадвартай ажилчид дутагдах болжээ.

Үүнийг цэгцлэх үүднээс Барилга, хот байгуулалтын яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам хамтарсан журам гарган хэрэгжүүлж эхэлжээ. Энэ талаар дээрх хоёр яам болон Хөдөлмөр, халамж үйлчилгээний төв, БНХАУ-ын Элчин сайдын яамныхан хамтран сэтгүүлчдэд өчигдөр мэдээлэл хийсэн юм. Тэдний ярьж буйгаар, барилгын салбарт ажиллаж буй хууль бус гадаад ажилчдыг цэгцлэн, мэргэжлийн чадварлаг ажилчдыг оруулж ирэх үүднээс дээрх журмыг гарган ажиллаж байгаа ажээ. Уг журманд хууль бус ажилчдыг бий болгож буй нэг нөхцөл болох хөдөлмөр эрхэлсний хөлсийг хөнгөвчлөх хэд хэдэн таатай нөхцөлийг тусгаж өгчээ.

Тухайлбал, Засгийн газрын хэрэгжүүлж буй хөтөлбөрт хамрагдсан барилга барихад гадаад ажилчны сарын хураамжийг 50 хувь, хөрөнгийг нь Засгийн газраас хариуцаж байгаа бол 100 хувь хүртэл чөлөөлөхөөр тусгасан байна. Энэ ажлын эхлэл манай БХБЯ-ын сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын үед тавигдсан бөгөөд Хятадын талаас манай улсад цэвэр мэргэжлийн ажиллах хүч оруулахад анхааран хяналт тавих аж.

Тэдний мэдээлснээр одоо өвлийн улиралд барилгын ажил багасч гадаад ажиллагсад нь нутаг буцаад хавар дулаарахаар ихээр орж ирдэг. Энэ үеэр холбогдох байгууллагууд дээрх журмын хүрээнд хамтран ажиллах гэнэ. Одоогийн байдлаар аль улсаас хичнээн ажилчин авах нь тодорхойгүй байгаа бөгөөд ажиллах хүчний эрэлтээс хамаарах юм байна. Ямартай ч хойд Солонгосоос 5000 ажилчин авахаар ярьж байгаа гэж БХБЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ц.Ганхүү мэдээллээ.

Мөн гадаадын иргэн хөдөлмөр эрхэлсний хөлсийг бууруулах талаар хууль санаачлан УИХ-д өргөн бариад байгаа аж.

П.Энэбиш