Овог, яс 

Хөвсгөлийн Урианхай

Дархадын хязгаарт эртнээс нааш дархадаас гадна Ар ширхтэн урианхай болон цаатан хүмүүс нутаглаж ирсэн бөгөөд XVII зууны үеэс Хөвсгөл нуурын баруун талын ой тайгаар нутагладаг иргэдийг Халхын захирагч Гэрсэнд жалайр хунтайжийн ахмад хүү Ашихай Дархан хунтайжийн үр удмынхан болох хотогойдын ноёд захиран, 1697 оноос Хотогойдын эзэн Гэндэн хунтайжийн хүү Бүүвэй бэйлийн харьяат болгосон байна.

Ингэснээр одоогийн Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутаг Гуна, Мунгараг, Ушгидай, Хориг, Бургалтай, Хөг, Үхэрт, Жамас хэмээх газраар нутаглаж байсан Урианхайчуудыг Хотогойдын ноёдын харъяат Ар ширхтэн отог гэж нэрлэхийн зэрэгцээгээр мөн ноёдын захиргаанд багтан, тэдэнд алба төлдөг Аригийн Урианхай нарыг Өвөр ширхтэн урианхай гэж ялган нэрлэжээ.

1727 онд Манж Орос хоёр улсын хэлэлцээгээр Монголын хойд хилийн дагуу гэр харуул байгуулахад Дархад шавь нар болон Урианхай отгийн өмнө зах Бэлтэс, Цагаан булан, Агар, Шавар зэрэг газруудад харуулын цэг байгуулж, Ар ширхтэн отгийнхныг зөвхөн Шавар харуулаар нэвтэрч Хотогойдын ноёдод тушаах алба гувчуураа хүргэдэг болгожээ.

1757-1758 оны үед Манж Чин улс Хотогойдын хошуудыг өөрчлөн зохион байгуулахад Ар ширхтэн Урианхайг хотогойдын гол хошуу болох Эрдэнэ дүүрэгч вангийн хошуунд ахин харъяалуулснаар “Вангийн Урианхай” гэдэг нэртэй болжээ. Тус хошуу нь Гол сум, ноёны хамжлага буюу Ноён сангийхан, Ар ширхтэн урианхай отог гэсэн дөрвөн хэсэгт хуваагдаж байв.

Үүнээс мөнөөхөн гол сум нь дотроо Дүнгээ баг, Тоос баг, Дархинт гэсэн гурван баг болж байсны адил Ар ширхтэн овог нь Баруун цаатан, Зоот, Жегд, Илжигэн, Зүүн цаатан гэсэн таван арванд багтаж байсан ба тэдгээрийг зайсангууд захирч байв.

Ар ширхтэн отог нь хошуу ноёндоо “Саадгийн алба” нэртэй ангийн үсний алба барьдаг байсан бөгөөд тэр нь булган алба, чонон алба, үнэгэн алба гэсэн гурван янз болно. Мөн бугын эвэр, баавгайн цөс (доньт) шилүүс, мануул, доргоны арьс барьдаг байв. Түүнчлэн Ар ширхтэнийхэн малын арьс шир, арьс ширэн эдлэл, шар тос зэргийг Тува уруу хил давуулан, үнэт ангийн үсний наймаа хийж, эзэн харъяатынхаа албыг барагдуулж байжээ.

1923 онд Манжийн үед байгуулсан харуулыг татан буулгаснаар Ар ширхтэн Урианхайчууд болон их шавийн харъяат Дархад отгийн ардууд халх буюу төв Монголоос тусгаарлагдмал, бөглүү, хязгаарлагдмал байдлаасаа ангижирч, урьдын харуул, шавь, ширхтэн урианхай нарын зөрчил будлиан арилж, урианхай дархад нар монголын бусад ард түмэн ястан угсаатны нэгэн адил эрх чөлөөтэй болсон ажээ.

1923 оноос монгол даяар орон нутагт ардчилсан засаг захиргаа байгуулахад Ар ширхтэн отог нь Ар ширхтэн сум болсон ба 1925 онд Дархад шавийг өөрчлөн Дэлгэр их уулын аймгийг байгуулахад Хантайшир уулын аймгийн Дэлгэрхан уулын хошууны Ар ширхтэн урианхай сумыг нутгийн дөтөөр Дэлгэр их уулын хошуунд нэгтгэж Тосонсүмбэр сум гэж нэрлэх болжээ.

Тэр үед Дэлгэр их уулын хошуунд Намнан, Тосонсүмбэр, Цацат, Ренченлхүмбэ, Хонин-Өндөр, Тосоннамнан хэмээх зургаан сумтай байснаас Тосонсүмбэр, Намнан сум нь одоогийн Улаан-Уул сумын нутагт байв.

1928 онд Дэлгэр их уулын хошууг Хөвсгөл далай Дэлгэрхан уулын хошуутай нэгтгэн Хөвсгөл далай Дэлгэрхан уулын хошуу болгоход мөнөөхөн Тосонсүмбэр, Намнан сумд тус хошууны бүрэлдэхүүнд багтах болжээ. Чингээд 1931 онд Хөвсгөл аймаг байгуулахад дээрх сумдыг нийлүүлэн “Улаан-Уул” болгосон байна. Ингэснээр хуучны Ар ширхтэн урианхай нар Улаан-Уул хэмээх шинэ сумын хаъяат болсон ажээ.

Ар ширхтэн отгийнхны голлог эрхлэх аж ахуй нь мал аж ахуй байсан бөгөөд адуу, үхэр, хонь ямаа, өсгөн, ан гөрөө хийж, цаа малладаг байжээ. Тэдний шүтлэг мөргөл нь бөөгийн мөргөл байсан байна.

ХIХ зууны сүүлч ХХ зууны эхээр урьд мал малладаггүй байсан анчин гөрөөчид уулнаас бууж малын ажил эрхлэх болсноос бэлчээр хомстон Ар ширхтэн отгийн харъяат нар Жавзундамба хутагтын шавийн цэстэй нутагт орж шавийнхантай хутгалдан суух болсон ажээ. Үүнээс болж маргаан зөрөлдөөн гарах нь ч бас багагүй байв. Хэдий тийм боловч Ар ширхтэний хүмүүс шавийн дархадтай холилдон аж төрж байсан нь тэдгээр урианхай дархад нарын угсаатны бүрэлдэхүүнд зохих нөлөө үзүүлсэн нь тодорхой юм.